БАГ ЗҮҮСЭН ЭМЭГТЭЙ

16 жилийн тэртээх нэг өдөр гал тогооны өрөөнд ортол аавын ажилдаа явхаас өмнө уншиж байгаад орхисон "Тэнгэрт ургадаг модод" байж байна. Зохиогч нь хэн эсэхийг сонирхолгүй аваад суулаа. Тэр чигтээ хэдэн цаг нүд салгалгүй тэвэрсээр өдөрт нь дуусгаж орхив. Гэвч уншсан шүлэг бүр нь урсаад өнгөрөх гоо сайхан үгс төдий бус бодлогошрол, ухаарал, харьцуулал, төсөөлөл дүүрэн МЭДРЭМЖҮҮД үүсгэх нь тэр. Тэр номоор би Л.Өлзийтөгс гэж юм бичдэг хүн байдаг гэдгийг олж мэдэв.

Хожим нь "Эрх чөлөөтэй байхын урлаг буюу Шинэ ном" гэж хар, цагаан, улаан алагласан ном гарав. Шууд л аваад уншлаа. Эхний хэвлэлийнх нь цавуу тааруу байсан уу яасан хэдэн хэсэг салаад хуудсууд нь шувуу шиг нисчих гээд дахин дахин хумин уншсаар дуусгасан юмдаг. Тэрнээс хойш Өлзийтөгс найрагчийн найдвартай уншигч нь болсон бөлгөө.

2004 онд Аюур ахтай уулзаж, шүлгээ редакторлуулах ажлаар 11-р хорооллын гэрт нь орлоо. Тэр үед Аюур ахын хар номууд гараад эхэлчихсэн бас л домог байлаа л даа. Манайхаар хүрч ирээд аавтай хонины толгой хувааж иддэг ах тийм лут нөхөр байсныг багадаа сайн анзаарсан ч үгүй. Хожмоо бүтээлүүдээс нь үүдэж хүлээлт бага багаар нэмэгдсээр үлэмж хүндэтгэх болсон билээ, тэднийхнийг.

За ингээд тэднийд ортол Аюур ах нөгөө өрөөрүүгээ орж миний шүлгүүдийг авчрах гээд гарав. Өрөөнд нам гүн эгшнээ нөмрөх цоорхойд гэв гэнэт араас нэг юм цочоох нь тэр. Цочхоос илүү гайхангуй эргээд хартал баг өмссөн эмэгтэй хүн. "Энэ нөгөө Өлзий эгч байна" гэж бодох зуур намайг айлгахыг завдагч мөнөөх хүн багаа тайлав. Өлзий эгч мөөн. Анх удаа уулзаж байгаа ч аль эрт таньдаг байсан мэт уулзсан нь тэр.

Намайг таних нэг хэргийг би мандаачихсан аж.
Урьдын нэг өдөр аав бид хоёр уран зохиолын тухай хүүрнэж, буу халав. Ер нь аавын найзуудтай ч том том юм ярих үе бишгүй л байлаа.
Тэгж байтал аавд Өлзийтөгс найрагчийн тухай санаанд орсон баахан юмаа холиод бурж орхив. Харин аав тэр яриануудыг эвлүүлээд Өдрийн сонинд нийтэлж орхиж. Сонинд гаргана гэж мэдсэн бол юу гэж тэгж бүлт бүлт үсрэх вэ дээ. Тэр сонинг нь халгаад уншиж ч чадаагүй. Өөрийнхөө ярьснаас ичээд нүүр часан улаан болж, хий л аавдаа "Та хэлэхгүй дээ гэж" гомдоллож билээ.

...Өрөөнд намайг цочоохыг завдагч мөнөөх эгч "Аанхаа чи Эрдэнэболд уу?" хэмээн миний өмнө нь сонсоогүй ч төсөөлж байсан хоолойн өнгөөр асуусан юм.

Өлзий эгчийн цахим сүлжээнд нийтэлж буй өгөөжтэй сайхан мэдээллийг хуваалцаж байна. Ийм хүмүүсийг чагнаж байх сайхан шүү.

С.Э