Миний тухай

ErdeneboldБи социализмын жилүүдэд тухайн үед хот байсан одоо орон нутаг болсон Бурхантын хөндийд мэндэлсэн. Багадаа ихэнх хөвгүүдийн адил чулуугаар байлдаж, байрны атамануудтай үзэлцэж өссөн ч зуны амралтаараа жил бүр мал дээр гардаг хүүхэд байлаа.

Хурга ишиг эргүүлэх, тугал бяруу сүүлдэхээс эхлээд хожмоо морь уялцаж, адуу хурааж, ургахын улаан нарнаар уурга даялуулан давхиж хөдөөх нугийн уудам цэнгэг агаараар амьсгалж, эх орныхоо өглөөг хар чийг сөрөн угтсан хүү байлаа. Эрэлд явж, ангасан олон үхрийг гараа цэврүүттэл ховоо татан услаж зогсохдоо мянга мянган жил улирч ирсэн нүүдэлчин удмынхаа ясны ажилч хичээнгүй ахуйг бахдан биширч өссөн. Хожим нь хотод ерөнхий боловсрол олж аваад, МУИС-ийн Хууль зүйн сургуульд таван жил ном үзсэн. Тэгээд тасралтгүй мянган хоног бэлдсэний үрээр намайг төрөхөд импералист гэгдэж байсан, харин тухайн үедээ хүн төрөлхтний ардчилал, эрх чөлөөний өлгий гэгдэх улсруу буюу дэлхийн нөгөө бөөрөнд очиж хуулийн чиглэлээр мастерт сурав. Монгол судлал хөгжсөн Индианагийн их сургуульд яг хоёр жил сураад төгссөн билээ. 1990-ээд оны өлсгөлөнг үзэж, жагсаалд нь аавтайгаа оролцож, багш нар ажил хаяж, зарим нь архинд орох үед хар зөнгөөрөө боловсрол олох гэж оролдсон тэрхэн зурвас үед монгол хүн бүр тэсч үлдэхийн төлөө эрвийх дэрвийхээр тэмцэж байсан. Картын бараа, талхны очерт зогсож хавиргаа хугалах шахам, дээр нь хүйтэнд осгох шахам байж амьдралын төлөө тэмцэж байсан зураглал хүүхэд насанд минь үлджээ. ХИД-1, “Өвгөнтийн хөндий” гээд Бага тойрог л хамгийн их хүн бужигнасан газар байлаа. Телевизийн ганц сувагтай, тэрнийгээ “Үндэс” гэж нэрлэнэ. Дээр нь Оросын суваг гарна. Рекорд 345-аа жирэлзэх бүрт нь хэмх алгадаад л гаргана. Одоогийнх шиг цахим эрин үе сураггүй байлаа. Тийм ховор гуцуу нийгэмд монголчууд хүн чанараа гээлгүй, бие биедээ ойрхон байж дэм дэмэндээ өндийцгөөсөн. Ганзаганд явж, шатах нь шатаж босох нь босч байж өнөөдрийн Монголын хөрөнгөтнүүд төрсөн. Дарханаас гурил аваад зуурах гэтэл дотор нь өт яралзаж байлаа. Дөрвөн давхар марлд гурилаа шүүгээд л хоол хийж идэж байсан гэж бодохоор тэр үеийн амьдрал өвөрмөц. Байнга тог тасарч, орой үдэш гарвал малгай шүүрэх нь энүүхэнд. Автобусанд хөлөө хөлдөөх шахсан, амь тэмцсэн олон хүн хэмх шахцалдаж чихэлдээд, автобусны жолооч бяцхан марафон зарлаж буудал хэтэрч зогсонгуут хүмүүс араас нь элдэж очдог байсан зураглал бол миний үеийн хүүхэд насных. Кондуктур эгч нар шуундаа бяр суутал доторлож, чимхэж “төлбөр” авдаг байлаа.

Тэр үед дэлхийн дулаарал, утааны гамшиг сураггүй байж. Пейжр хальт үзэгдээд гар утасны эхний үес дэлгэрч байсан цаг.

...2009 онд эх орондоо ирээд л Ерөнхийлөгчийн сонгуульд ажиллах тохиол учрав. Тэр намраасаа Ерөнхийлөгчийн Тамгын газар ажиллаж эхэлсэн хэрэг.

Өнгөрсөн хугацаанд болсон болоогүй хэд хэдэн ном хэвлүүлжээ. Бас чиг дэлхийд нэрээ гаргасан олон улсын шилдэг номуудаас эх орондоо монгол англи хэлээр эрхлэн хэвлүүлэх боломж таарав. Ингээд ном бүтээх нь миний хамгийн дуртай хобби болохыг ойлгов.

Сүүлд “Эзэнт Гүрний Туульс-1” гарсан. Энэ номыг хүмүүс уншсан уншаагүй янз бүр л байх. Сайн ба муу гэх үнэлгээ над нэг их чухал биш. Гол нь тэр номоор дамжуулж хүмүүст хүргэх гэсэн санаанууд чухал. Тусгайлан монгол бичгийн тиг зохиолгож, цаг заран олон зуун хайчилбар бүтээлгэж, мартагдаж орхисон зуу зуун үгсийг толь бичгээс шүүж, үнэн мөнөд ойр гэх түүхийн улбааг авч энэ цаг үеийнхээ тусгал, ухаарал, мэдрэмж шингэсэн бүтээл хийх гэсэн зорилго юм.

Эзэнт гүрний туулиас өмнө гарсан “Риторик буюу байлдан дагуулахуйн урлаг” 2006 хэмээх илтгэлийн ном, мөн “Америкт хуулийн сургуульд суралцсан тэмдэглэл” 2008, “Шидэт уулын сормуус” хэмээх үлгэрийн номуудыг энэ цахим хуудсаар дамжуулан нийтэд ил болгож байгаа юм.

Бидний хэсэг нөхдийн үүсгэн байгуулсан түүх соёлыг дэмжигч “Жак Уэтерфорд сан”, “Язгуур соёл сан” болон “Энхийг сахиулагчдын гэр бүлийг дэмжих төв” зэрэг байгууллагын үйл ажиллагааны талаар энэхүү цахимд хуудсанд мэдээлэл оруулж байх болно.

“Эрдмээр нөхөрлөвөл мөнхөрдөг, эдээр нөхөрлөвөл мунхардаг” гэж ардын сайхан үг бий.

Боржигин овогт

Сүхбаатарын Эрдэнэболд