ХУВААЛЦАХ ЭРДЭМ

Зовлонг хуваалцвал шингэрч, жаргалыг хуваалцвал өтгөрдөг гэх.

Аливаа сайн сайхнаа бусадтай хуваалцан сэтгэлийн гэгээ эдэлж, саар бэрхшээлийг ч бас анд нөхөд, гэр бүлтэйгээ хуваалцан ухаарлын хат, бодлын тэнхээ олж авах нь хүнд сэтгэлзүйн давуу тал, эрх чөлөөт мэдрэмжийг өгдөг.

Ний нуугүй, чин сэтгэлээсээ, нуугдмал дотогшоо санаагүй бусадтай харилцсанаар Та амьдралдаа өөрийгөө өөрөөрөө бүтээж чадна. Дүр исгэсэн, хуурамч зохиомол үзэгдлээс ангижирч өөрийнхөөрөө байхын тулд аливаа зүйлээ бусадтай хуваалцах учиртай.

Эрх мэдэлтэй хүмүүсийн хамгийн том алдаа бол зорилгоо, алсын хараагаа бусадтай хуваалцах чадварын хомсдлоос эхэлнэ. Хүн хэзээ дүрдээ итгэнэ, тэр үед л дүрийнхээ боол болж хүн чанараа гээдэг. Хүн чанараа гээсэн хүн хуваалцах биш хаман шунахын тачаалд эзлүүлнэ. Улмаар тэр нь улангасал болж эзнээ үгүй хийнэ.

Төрд хүртэл эрх мэдэл хуваарилах (check and balance) эрүүл зүй тогтол байдгийн адил гэр бүл, хамт олонд хүртэл ҮНЭТ ЗҮЙЛЭЭ ХУВААЛЦСАН (shared value) эрүүл орчин байх ёстой.

Хармын сэтгэл хүнийг оюун санааны хувьд төдийгүй, боломж чадавхийн хувьд хатингаршуулдаг. Үргэлж хөгжих чинээг нь хязгаарлана. Ганцаарчилсан, амиа хичээх үзэл тус хүндээ түргэн хугацаанд хожлыг авчирч болох ч хүлээн зөвшөөрөгдсөн ялалтыг нь холтгож байдаг. Хуваалцах эрдэм бол жинхэнэ манлайллын (authentic leadership) амин чанар.
Хуваалцахын эерэг хэлбэр нь урам, хуваалцахын эмгэг хэлбэр нь хов, хуваалцахын эрүүл хэлбэр нь зөв шүүмж.

“...Алив сайхнаа бусдаас битгий харамла
...Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг...” О.Дашбалбар

Сүхбаатарын Эрдэнэболд
2016 оны 3 сарын 30