Эзэнт гүрний туульс

Эзэнт гүрний туульс номын зохиогчийн үг

Эзэнт гүрэнд нар мандаж байна

“Эзэнт гүрний туульс"-ийн тэргүүн дэвтрийг нээж буй уншигч таны амгаланг айлтгая. Эх түүхээ хайрлагч олон хүний сайхан сэтгэлийн эрчмээр эл ном бүтэж байна.

Энэ бүтээлээ нийт гурван боть байхаар төсөөлж байгаа юм. Харин одоо таны гар дээр 2 бүлэг, 31 хэсэг, 1000 гаруй бадгаас бүрдсэн Тэргүүн дэвтэр хүрч буй нь энэ. Энэхүү Тэргүүн дэвтэртээ Чингис хааныг эснэсхээс (мэндэлхээс) эхлээд Хамаг Монголын Хан өргөмжлөгдөх хүртэлх буюу 1162-1189 оны хооронд өрнөсөн үйл явдлыг хамруулан бичлээ. Цаашид 1189 оноос 1206 хийгээд 1206-аас хойшхи үеийг дараа дараагийн дэвтэрт өгүүлэх болно.

Юуны түрүүнд энэ номыг бүтээхэд бүх талаар зоригжуулж өгсөн гэр бүлийнхэндээ талархаж байна. Мөн үнэтэй сайхан зөвлөгөө өгч, номын турш санал солилцож ирсэн профессор Жак Уэтерфорд, эрдэмтэн О.Сүхбаатар багш, эрдэмтэн Б.Сумъяабаатар багш болон номын садан, ахан дүүс, анд нөхөддөө талархаж байна. Энэ номонд зориулж 300 илүү урлагийн сод бүтээл болсон Монгол цаасан барын гайхамшгийг илтгэх уран тансаг хайчилбар урласан Сандагдоржийн Төрбурам ахад талархъя. Мөн энэ номонд зориулж “Эзэнт гүрэн" хэмээх Монгол бичгийн үсгийн хэв зохиож номын өнгө төрхийг удирдсан Тогообатын Жамъянсүрэн багшдаа талархъя.

Мөн эл бүтээлийн маань сонсдог номыг (audio book) уншиж, дуун авиагаар мөнхөлж өгсөн Монгол Улсын төрийн соёрхолт, Гавъяат жүжигчин Догмидын Сосорбарам ахдаа чин сэтгэлээсээ талархаж байна. Мөн Эзэнт гүрний туульсийн цаасан ном, сонсдог номын Ерөнхий продюссераар ажиллаж өргөн олноо хүргэхэд сэтгэл зүтгэлээ зориулсан Амгаланбаатарын Ганбаатар ахдаа баярлалаа.

Дашрамд дурьдахад энэ ном бол ямар нэгэн түүхийн судалгаа, аль эсвэл уран зохиолчийн далайцтай том бүтээл туурвих гэсэн довтолгоон биш. Харин жирийн нэгэн Монгол хүний хувьд өвөг дээдсээ хайрласан сэтгэл, эх түүхээ биширсэн хүндэтгэл, өөрийгөө танин мэдэх гэсэн оролдлогоос үүдэн бүтээгдэж байна.

Энэ бүтээл алдаа оноо, магтаал сайшаал, гоочлол шүүмжийн алийг ч үл хамааран эрхэм таны оюуны мэлмийд хүрч өчүүхэн ч атугай урам зориг төрүүлж, сэтгэлд тань цучлын төдий ухаарал, омогшил гийлгэх аваас зохиогчийн зорилго тэр.

Эзэнт гүрний туульс мэдээж Монголын нууц товчоо, Монгол түүхийн сурвалжуудаас эх авсан. Гэвч хамгийн том эх сурвалж бол Монгол хүн, монгол ахуй, монголын байгаль, өдөр тутмын уулзан учрах агаад зөрөн өнгөрөх хүмүүс, үйл явдлын үргэлжилсэн их өрнөл юм.

Өглөө үүр гийхийн дайдад хар чийг сөрөн босч, эмээлээ бариад гэрээс гарах сайхан. Өглөөн тунгалаг эхлэхүйн өмнөх үүрийн гэгээ сиймхийрч байх тэр мөчид баруун хойд ханы шийрнээс уургаа татаж аваад уяж хоносон хүлгээ эмээллэж, чивчиртэл нь оломлоод цанх арилган хөдөлгөх сайхан. Тэгээд сэвхийтэл алавхийн мордох сайхан. Өглөөн сэрүүнийг хүлгийн зоон дээр угтан хээр хоносон адуугаа хураахаар довтолгон давхиулах сайхан. Агтаа багширтал нь залаад ургах наран улалзан мандахад гэртээ ирэх сайхан. Өндөр уулсын оргилоос наран мандаах хийморьтой.

Эзэнт гүрэнд нар мандаж байна.

Зохиогч Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД